Говь-Алтай: Ганц бие залуусын уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-05-17
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар 2022 онд зохион байгуулсан "Алтайн залуус" чуулга уулзалтын тов гарчээ. Өнгөрсөн жилээс эхлэн тус арга хэмжээг “Жангар фестиваль” хэмээх нэрийн дор зохион байгуулж байгаа бөгөөд гурав дахь удаагаа ирэх долдугаар сарын 24-нд хийх гэж байна. Чуулган Говь-Алтай аймгийн Дөргөн нуурын эрэг дээр долоо хоногийн турш болох ба 21 аймаг, Улаанбаатар хотын залуус оролцоход нээлттэй ажээ. Өнгөрсөн жилийн фестиваль амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, хувцас загварын шоу, бэсрэг наадам, уралдаан тэмцээн, ардын дуу бүжгийн үзүүлбэр, нуурын эргийн болзоо зэрэг олон хөтөлбөртэй, 50 мянган төгрөгийн хураамжтай байв. Мөн Өвөр Монгол, Буриадаас залуус ирж оролцож байжээ. 2022 оны наймдугаар сард анх аймагтаа тус уулзалтыг зохион байгуулахад орон нутгийн 300 гаруй ганц бие залуу оролцсон юм. Уулзалтаас 30 гаруй хос төрсөн бөгөөд гурав нь аймгийнхаа 100 жилийн ойгоор хуримлажээ. Энэ удаа хосоо олсон залуусыг төрийн бодлогоор дэмжиж, өргөө цагаан гэр, 50 тооны бог мал олгоно хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Дөргөн нуур нь Улаанбаатар хотоос 1300 км зайтай, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Ховд аймгийн Чандмань сумын заагт оршдог.
Зураг дээр: Дөргөн нуур. Гэрэл зургийг.Б.Эрдэнэбулган.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.